Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
Цоохор дээлээ “Топор”-тоо зээлүүлээч, Ерөнхийлөгч өө!

Монгол Улсын Ерөнхийлөгчийг “төмөр замаа” л ярьсаар яваад эдийн засгийн аугаа ач холбогдолтой яриа хэлэлцээрээр ганзагаа мялаагаад ирэхэд нь Засгийн газар нь огцорчихсон байв. Гайхсан царай гаргах утгагүй, УИХ-аас гишүүн дагуулаагүйн чинь учир үүнд буй биз. Харин дараагийн Ерөнхий сайд танхимдаа ганц ч эсэргүүцэлтэй тулгарахгүйгээр “Владивостокийн гарц” үлгэрт чинь хөрөнгө гаргаж өгөх ёстой биз. Энэ л дараагийн Ерөнхий сайд, түүний танхимд тавих болзол.

Яагаад үлгэр гэсэн бэ гээд баахан хүн одоо уурлана. Тэгвэл яагаад УИХ-ын дарга М.Энхболдыг энэ оны 3 дугаар сарын 17-нд Япон Улсад албан ёсны айлчлал хийх үеэр тус улсын Ерөнхий сайд Ш. Абэгийн “Монголын эдийн засгийг эрүүлжүүлэхэд дэм болоосой” гэж 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосныг нь Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтынхаа олз мэт ярьж явна вэ. УИХ-ын дарга М.Энхболдыг Японд “оргиналь” албан ёсны айлчлал хийж явах тэр гуравдугаар сарын өдрүүдэд тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Баттулгын нөхцөл байдал ямар байлаа. Юун өршөөж уучилдаг Ерөнхийлөгч манатай, бүр “яллагдагч” статустай, гурван хавтаст хэрэгтэй байв шүү дээ.

Дээрх 850 сая ам.доллар бол ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд нийт 5.5 орчим ам.долларын зээлийг Монголд өгөхөөр болсны дотор багтана. ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөр, ер нь эрх баригчдын тавиад байгаа өр, зээлүүд их “муухай”, тэглэж, дарж өгнө гэж хэлсэн хүн маань Нэн хөнгөлөлттэй зээлээр нэн том “зальдчихав” уу даа.

Олон нийт одоо үлгэрт итгэхээс илүүтэй дэлхийн мэдээ унших болжээ. Үүгээрээ өмнөх он жилүүдээс ялгарах биз. Саяхан болоод өнгөрсөн БРИКС-ийн дээд уулзалтын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй хийсэн уулзалтаараа сансрын технологи зэрэг чухал салбаруудын хамтын ажиллагааны төслүүдийг бодитоор хэрэгжүүлэх тухай ярилцсаныг хэвлэлүүд мэдээлсэн. Мөн энэ оны  9-р сарын 5-нд Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян, ОХУ-ын ерөнхий сайдын  орлогч Рогозин нар Хятад, Оросын Ерөнхий сайдын ээлжит уулзалтаар сансар,  хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааныхаа талаар ярилцав. Дараа нь 2017 оны 9-р сарын 6-7-нд ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн форумд Хятад, Оросын  сансрын салбарын хамтын ажиллагаа анхаарал татсан сэдэв болсон. Өөрөөр хэлбэл, манай Ерөнхийлөгчийг төмөр замаа “лалагнуулж” явахад оросууд нь Хятадын талтай пуужингийн хөдөлгүүр, сансрын хөлгийн салбар, навигацийн систем,  мэдээлэл холбоо зэргийг багтаасан тойрог замаар ажиллах сансрын хөлөг, сансрын хог хаягдлыг хянах зэрэг гурван талд хамтын  ажиллагаагаа эрчимжүүлье гээд ярьж байв.

Магадгүй төмөр замаас илүүтэй сансрын хог хаягдлын менежмент дээр чинь хамтаръя гэвэл хоёр хөрш тэврээд авахаар байна. Сансарт зөвхөн сансрын байгууламж төдийгүй бас хүн амьдардаг. Яг одоо сансарт 18 мянган бодис хөвж байгаас 7 хувь нь л хэвийн ашиглагдаж байна. Бусад нь бүгд сансрын хог хаягдал бөгөөд  нийт 7000 тоннд хүрсэн. Сансрын хаягдал сансрын аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ бол маш хортой, тэр хэмжээгээрээ их хэмжээний мөнгөний уурхай. Үүнийг нууцаар л хийнэ үү гэхээс биш улс оронд байтугай хүн төрөлхтний хэмжээнд яригдах аюулгүй байдлын асуудал. Гэхдээ Владивостокийн үлгэртэй харьцуулбал арай итгэж болохуйц сэдэв.

Орос-Хятадын, Орос-Японы төмөр замын хамтын ажиллагаанаас “од шүүрч” байгаа мэт романтик мэдээлэл чинь Ерөнхийлөгч Х.Баттулга Таны пиарын багийн хүчтэй байдлаас нөлөөлж л үр дүнтэй харагдаад байгаа болохоос үнэн хэрэгтээ төдийлөн ахицтай яваагүйг тань нотлох баримт цөөнгүй гарч ирж байна. Ялангуяа Транс Сибирийн төмөр замыг ашиглан Лондон-Токиог холбох, Сахалины арлыг Хоккайдотой холбох 45 км гүүр барих болчоод байхад Сахалиныг эх газартай холбоно гэдэг онигоо ярих ч дүүрч. Мөрөөдсөнөө ярьсан болгож, санал тавьсанаа тохирсон болгоод байгаа нь илт харагдаж байгаад санаа зовинох боллоо. Жишээ нь үнэгүй боомт ашиглуулах, боомтын газар түрээслүүлэх дээр “Ижил үнээр ашигла” гэнэ үү л гэхээс биш Монголд л өөр үнээр ашиглуулна гэвэл няцаагдана.

Ийнхүү маапаантайхан хуралд оролцож, өнөөхийг нь айлчлал болгон бичсэн марзан өдрүүдийн завсарт Засгийн газар салхинд хийсэв. “Яасан ч огцрохгүй Засгийн газартай" гэдгээ гол нөхцөл болгож авсан зээл, зээлийн хүсэлтүүд гацаанд орлоо. Шинэ Засгийн газрыг байгуулах асуудал “Х.Баттулгын” ба “Ж.Оджаргалын” төмөр замын алийг барихтай ихээхэн холбоотой болж ирэх нь.

Бас нэг асуудал нь Ухнаагийн Хүрэлсүх гэдэг сайд шалгагдаж байна. Чагнуулсан уу, тагнуулсан уу, өөрөө зохион байгуулав уу гэдгийг нь тогтоох гэж байгаа юм байх. Танд нэг цоохор дээл байдаг даа. Хүнд үед өмсдөг, цоохор дээл нь өнгөрсөн сонгуулиар гэнэт олширч билээ. Тухайн үед “цоохор дээл өмсөхөөр ялдаг бол ялахаар болж” гэж шоолох хүн олон байсан. Үнэхээр ч ялсан. Түүнээс хойш Таны цоохор дээлийг айхавтар “шүтдэг” болоод байгаа. Харин одоо наад дээл чинь таны “Топор” гэж өхөөрддөг У.Хүрэлсүх сайдад л тун чиг хэрэгтэй байна даа. Намын их, бага хурал дээр улаан нүүрээ хаашаа хийнэ дээ гэж суугаа У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад горилж байгаа л гэлцэх юм. Өөрийг нь харахаар тийм мэдрэмж төрөхгүй байгаа ч хэрэв Ерөнхий сайд болж чадвал Монголыг далайд байтугай сансарт гарцтай зам тавих санаачилга гаргахад чинь ч дэмжиж мэднэ. Эхний ээлжинд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа өөртөө холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгуулсан шигээ зүрх зориг хайрлаж Та У.Хүрэлсүхэд цоохор дээлнийхээ “копидсон” биш “оргиналь”-ыг нь өгч ялуулж өгөөч!  Цаад залуу чинь Ерөнхийлөгчийн сонгуулиар таны дээлийн захыг мушгисан гэгдэж “хэлмэгдээд” байгаа ч түүнд хүлцэл өчих хэрэггүй л болов уу. Намын их, бага хурлууд дээр гишүүд, дэмжигчид нь “бариад идчихнэ” дээ. Ямар “Хэнтийнхэн ингэдэг юм аа” гээд Д.Арвиныг дуурайж АН-д оролтой биш.


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.