Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 11 цаг 34 минут
М.Энхболдоор улсаа удирдуулах сургаар...

-Микро боловсролоор макро эдийн засгийг өсгөдөггүй юм, Х.Баттулга аа!-

Бодоод байхнээ аавын хоёр хүүг алаг үзсэн байх чинь вэ. “Х.Баттулгаар улсаа удирдуулах сургаар...” нийтлэлд минь биржийн мэдээ голдуу явсан юм. Тэгээд ч Х.Баттулга нэр дэвшигч 100 гаруй мянган санал илүү авчихаад байсан үе. Харин хоёр хоногийн дараа дахин санал хураалт болох гэж байна.

Гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын нэр хүнд ямар байгааг харуулах хэмжүүр болсон гадаадын шууд хөрөнгө оруулалт ганцхан сарын дотор 35 хувиар нэмэгдээ. Хөрөнгө оруулагчдын бас нэг “толь” болдог олон улсын үнэлгээний “Moody"s” агентлаг сар хүрэхгүй хугацааны өмнө Монголын банкны системийн хэтийн төлөвийг "сөрөг" гэж тодорхойлж байсныгаа "Тогтвортой" буюу "САА1" гэж үнэлэн сайжруулсан байна. Энэ нь ойрын 12-18 сарын хугацаанд банкнуудын зээлээ төлөх чадварыг илтгэн харуулж байгаа үзүүлэлт боллоо. Түүнчлэн ОУВС-гийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр” нь “Оюу Толгой”-ийн хоёр дахь шатны төслийн хөрөнгө оруулалтын үетэй давхцсан, түүхий эдийн ханш 2016 оныхоос сайжирсан зэрэг нь Монгол Улсын эдийн засаг тогтворжиж, 2018 он гэхэд тэлэх нөхцлийг бүрдүүлж байна гэж “Moody"s” дүгнэснийг Bloomberg мэдээллээ.

Дотоод мэдээ гэвэл Монголбанкны 2017 оны 2-р улирлын байдлаарх үйл ажиллагааны үр дүн 125,2 тэрбум төгрөгийн ашигтай гарч, улмаар 2012 оноос хойш тогтмол өсөн нэмэгдэж байсан алдагдлын хэмжээ анх удаа буурлаа.

Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохоор болов. УИХ-ын 2017 оны 23-р тогтоолоор "Эрдэнэт үйлдвэр"-ийг 100 хувь төрийн мэдэлд авах үүрэг даалгавар өгсөн ч 49 хувийг эзэмшиж байсан байгууллага нь эсэргүүцэн шүүхэд хандсан.  Шүүх "Эрдэнэт үйлдвэр"-ийг 100 хувь төрийн мэдэлд авсан Засгийн газрын шийдвэрийг буруутгасан шийдвэр гарсан. УИХ-ын дарга М.Энхболд ч 2017 оны 23-р тогтоолыг хэрэгжүүлэх тал дээр  Засгийн газарт үүрэг даалгавар өгсөн. Энэ зарчмын дагуу асуудлыг шийдэж, Монгол Улсын иргэн бүр Эрдэнэт үйлдвэрээс хувь эзэмшихээр боллоо гэдгийг Засгийн газрын хуралдаанаар баталгаажууллаа. Мөн  2017 он гараад хагас жил гаруй болоход л Монголын эдийн засагт ногоон гэрэл асч, эдийн засгийн уналтыг хязгаарлаж, зогсоож чадлаа. Өнөөдрийн байдлаар эдийн засаг 4-4,5 хувийн  өсөлттэй, Сүүлийн 4-5 жилд анх удаа төсвийн орлого давж, 500 тэрбум төгрөгийн давсан орлоготой болгож чадсанд нь Засгийн газар, Сангийн сайдад баяр хүргэх хэрэгтэй. Тэднийг ийм амжилттай ажиллах нөхцлийг бүрдүүлсэн УИХ-ын дарга хэдийгээр Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй ч тэр энэ баяраас ангид байх гэм буруугүй тул давхар баяр хүргэе.

Ийм үзүүлэлт л сонгогчдын зөв байсныг илтгэж, сонголтоо баталгаажуулж улс орноо дэлхийд нэр хүндтэй байлгаж, эдийн засгийн салбарт олсон амжилт өрх бүрийн амьдралд нөлөөлөх болно гэдгийг ухамсарлахыг нөхцөл байдал шаардаж байна. Энэ бол амлалт бус бодитой ажил хэрэг, үр дүн юм. Харин иргэд, ААН-үүд дампуурахаас өөр сайн сонголттой болж эхлээд өр, зээлээ дарах боломжтой болж байхад хэн нэгэн “Өрийг чинь тэглээд өгье. Гэхдээ төмөр зам барьсны дараа. Газрын гүнд байгаа нүүрсийг ухаад төмөр замаар зөөж зарсны дараа өрийг чинь дарна” гэхээр өрөө дарах төлөвлөгөөг нь ч нурааж, банк, санхүүгийн салбарыг ч донсолгож эдийн засагт гарсан эерэг өөрчлөлтийг ч булшлах ёсгүй. Энэ бол “дайсагнал”. 

Зээл авч байгаа хэн бүхэн ухамсартай. Яаж төлөхөө тооцоолсон төлөвлөгөөтэй. Бизнесийн харилцаанд орж байгаа учир нэр хүндээ эрхэмлэдэг, ёс суртахуунтай байдаг. Банк тэнэг, ёс зүйгүй хүнд зээл олгодоггүй. Ямар ч бизнес эрхлэгч, зээлдэгч, банкны харилцагч “Сонгууль болохоор төлнө. Улстөрч миний өрийг баригдаагүй төмөр замаараа нүүрс зөөж тэглэнэ” гэж тооцоолж зээл авдаггүй.

Тиймээс АН-аас нэр дэвшигчдээ өгсөн даалгавар дэндүү их хор хохиролтой, олон зээлдэгч, бизнес эрхлэгчдийг доромжилсон хэрэг. Учир нь тэд “амлагчийн” хэмжээнд мэдлэгтэй байж зээл авдаггүй юм.

Тэд ч, сонгогчид ч ОУВС-ийн хөтөлбөрийг АН-ын Засгийн газрын үеийн алдааг засч, эдийн засгаа сэргээх сүүлчийн арга гэдгийг ойлгож буй учир уг хөтөлбөрөөр айлгах нь явуургүй арга. Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш макро эдийн засагт гарсан эерэг өөрчлөлтөөс товч дурдвал:

Юуны өмнө 2012 онд тэднийг Засгийн эрх хүлээж авахад 17 хувь хүрч байсан эдийн засгийн өсөлт уруудсаар 2016 оны гуравдугаар улирлын байдлаар -1.6 хувьд хүрч эдийн засаг агшиж эхэлсэн. Үүнийг засч залруулах ажлыг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлж эхэлснээр эдийн засаг аажмаар сэргэж 2016 оны эцэст 1.2 хувийн өсөлт, 2017 оны эхний улирлын байдлаар 4.2 хувийн бодит өсөлтөд хүрлээ. Ердөө гуравхан улирлын дотор буцаан өсөлтийг нэмэв.

Интервенц хийх замаар хүчээр барьж байсан ханшийг цаашид барих нөөцгүй болж, 2016 оны 11 дүгээр сард төгрөгийн ам. доллартай харьцах зах зээлийн ханш 2600 орчим төгрөгт хүрсэн байсан. Засгийн газраас валютын орох урсгалыг сайжруулж, валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулж, макро эдийн засгийг тогтворжуулах, төлбөрийн тэнцлийг дарамтыг бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх бодлого амжилттай хэрэгжүүлсний үр дүнд өнөөдрийн байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2383 төгрөг болж буурлаа.

Хөгжлийн банк дампуурах нөхцөлд орсон байсныг үндсэндээ дахин шинэчилж, нийгмийн шинж чанартай, арилжааны биш төслүүдийг улсын төсөвт шилжүүлж, банкны тайлан тэнцлийг цэвэрлэлээ. Төлөлтийн хугацаа нь хэтрэх гэж байсан 580 сая ам.долларын бондын төлбөрийг Засгийн газрын бондоор төлж барагдууллаа. Хөгжлийн банкны дүрмийн санг нэг их наяд төгрөгөөр нэмж, цаашид тогтвортой ажиллан эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжийг бүрдүүлчихлээ. 2016 оны 12 дугаар сард дуудагдаж байсан 550 сая ам.долларын зээл, 2017 оны гуравдугаар сарын 580 сая ам.долларын бондын төлбөр, 2017 оны наймдугаар сард хугацаа дуусан дуудагдах 2 тэрбум шахам ам.долларын БНХАУ-ын Ардын банкны своп хэлцэлийн хугацааг сунгав.

2021 он гэхэд улсын өрийг ДНБ-ий 60 хувиас бага түвшинд хүргэх,  төсвийн алдагдал оны эцэст ДНБ-ий 20.6 хувьд хүрэхээр байсныг төсвийн тодотголоор залруулж, зардлыг хасах болон зарим хөтөлбөрийг зогсоох замаар төсвийн алдагдлыг ДНБ-ий 15 хувь болгон буурууллаа. Төсвийн алдагдлыг цаашид 2017 онд ДНБ-ий 10.4 хувь, 2018 онд 9.5 хувь, 2020 оны эцэст ДНБ-ий 5.1 хувь хүртэл бууруулах зорилттой байна.

Зээлийн хүү буурлаа. 2016 оны тавдугаар сард Засгийн газрын гадаад бондын хүү 10.87 хувь, дотоод бондын хүү 17 хувь болж, хувийн хэвшлийн гадаад зээлийн хүү 15 хувь орчим, дотоод зээлийн хүү 25 хувьд хүрч байсан. Макро эдийн засгийг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх бодлогын үр дүнд 2017 оны зургаадугаар сарын байдлаар Засгийн газрын гадаад бондын хүү 6.5 хувь, дотоод бондын хүү 12 хувь болж буурлаа. Ойрын хугацаанд арилжааны банкны хүү дунджаар 16 хувьд хүрч, бизнесийн зардал, дарамт буурахаар байна.
Ажилгүй иргэдийн тоог 20 хувиар буурууллаа. 2016 оны нэгдүгээр улиралд ажилгүйдлийн түвшин 11.6 хувьд хүрсэн, ажилгүй иргэдийн тоо 143.0 мянга болсон байлаа. Засгийн газрын хэрэгжүүлсэн макро эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг бий болгох бодлогын үр дүнд 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар ажилгүй иргэдийн тоо 115 мянга, ажилгүйдлийн түвшин 9.1 хувь болж буураад байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2017 оны тавдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 42 хувиар өссөн бол гадаад худалдааны ашиг оны эхний таван сард нэг тэрбум ам.долларт хүрч, энэ онд экспортлох нүүрсийг 30 сая тоннд хүргэх боломж бүрдэв. Энэ бүхэн сайн эдийн засагчаар тэргүүлүүлсэн Засгийн газрын амжилт. Гэтэл “Аймгийн Засаг дарга байсан хүнийг Ерөнхий сайд болгох ч гэж дээ” хэмээн Х.Баттулга ярьж явааг олон хүн гэрчилнэ. “Дундаж бөх, дундаж бизнесмэн, чуулгандаа бараг суудаггүй байсан УИХ-ын гишүүн асан”-тай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг харьцуулахаасаа ичих хэрэгтэй. Тиймээс УИХ-ыг буруу томилгоо хийгээгүйг тоо баримтууд, бодит нөхцөл байдал нотлоод байна.

Ийм Засгийн газар, ийм намыг удирдаж байгаа болохоор МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдын “Сэхээнээс сэргэлт рүү” шилжүүлэх төлөвлөгөөнд ард иргэд, бизнес эрхлэгчид итгэж байна. Энэ бол хар пиараар зэвсэглэж, эвлүүлэгтээ итгэдэг өрсөлдөгчийнх нь мөнгөний зодоон, хэрүүл, будилаанаар дүүрэн сонгуулиас  өөр сонгууль болно. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалт Монголын эдийн засгийн макро үзүүлэлтэд баяр хүргэж, МАН-аас нэр дэвшигчид итгэж бүрэн эрх өгч, бүтэн хариуцлага хүлээлгээсэй гэсэн хүлээлттэй байна.

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.