Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
Эдийн засгийн хориг арга хэмжээ Монголд нүүрлэх үү!!!

Эдийн засагт нүүрлэж буй эрсдлийн талаар анхааруулахаар “битгий айлгаж, улстөржүүлээд бай” гэж загнах боллоо. Гэтэл яг бидний нүдэн дээр улс төрийн буруу шийдвэр зэргээс үүдэн  олон улсын харилцаанд зохиомол хямрал үүсэж, улс орны дотоод эдийн засгийг хямралд оруулах, олон улсын түвшинд нэр хүндээ алдах, дотооддоо ард иргэдээ ядуурлын ангал руу түлхэх зэрэг эрсдэлүүд гарсаар байна.

Даяаршсан эрин үеийн олон улсын харилцаа улс орнуудад богино хугацаанд харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлж  харилцагч талууд хөгжлийн хурдацаа нэмж, ард иргэдийнхээ амьжиргааны төвшинг ахиулахад асар том боломж олгож байгаа нь үнэн. Гэвч түншүүд харилцан ойлголцож чадаагүй, эсвэл улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэснээр бидний “айлгаад, эсвэл айгаад” байгаа үр дагаварт хүрч байна. Хамгийн сүүлийн жишээг дурьдахад ОХУ-ын эсрэг барууны орнуудын авсан хориг арга хэмжээ, мөн Катар Улстай холбоотой үүсээд байгаа асуудал анхаарал татах боллоо.

АНУ-ын сенаторууд  2017 оны 6 дугаар сарын 12-нд “ОХУ нь 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн байж болзошгүй” гэсэн хардлага болон ОХУ-ын Украйн, Сирид явуулж буй үйл ажиллагаатай нь холбогдуулан Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах хуулийн төсөл боловсруулж түүндээ Оросын эсрэг хориг арга хэмжээг зөвхөн Конгрессын зөвшөөрөлтэйгээр хөнгөвчлөх, түр зогсоох, эсвэл цуцлах заалт тусгаж байгаа нь асуудал цаашид хүндрэх хандлагатайг харуулж байна.

ОХУ Крымын хойгийг 2014 онд өөртөө нэгтгэсэнтэй холбогдуулан Европын холбоо, АНУ, Норвеги, Канад, Австрали зэрэг улс  ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч тэр нь  өнөөг хүртэл үргэлжилж байна. Дээрх түншүүдийнх нь зүгээс ОХУ-ын банк, санхүү, эрчим хүч, батлан хамгаалах болон технологийн салбарыг голлон хамарсан хориг арга хэмжээнд  ОХУ-ын Россия, Сбербанк, Внешэкономбанк, Газпромбанк, ВТБанк, Росселхозбанк, мөн эрчим хүчний Новатек, Роснефть, Газпром Нефть, Лукойл зэрэг компаниуд хамрагдсан. Ингэснээр гадаадын томоохон хөрөнгө оруулагчдаас урт хугацааны зээл авах эрх нь хаагдаж төлөвлөж байсан томоохон төслүүдээ хэрэгжүүлэх боломжгүй болов.

Тухайлбал, ОХУ-ын Арктикийн бүсэд барих Новатек компанийн 27 тэрбум ам.долларын үнийн дүнтэй Ямала байгалийн хийн төсөл зогсоход хүрч Хятадаас илүү хатуу нөхцөлтэй зээл авахад хүрлээ. Барууны орнууд Оросын газрын тосны үйлдвэрт зайлшгүй шаардлагатай технологийн нийлүүлэлтээ зогсоов. Энэ салбарын Оросын технологи нь ЕХ, АНУ зэрэг орноос 50 хувийн хамааралтай байдаг.

 Гэтэл нийлүүлэлтээ зогсоож, батлан хамгаалахын болон хоёрдмол зориулалттай тоног төхөөрөмжийн нийлүүлэлтэд хориг тавьж, Путины ойрын хүрээллийн албан тушаалтнууд болон бизнес эрхлэгчдийг хар жагсаалтад оруулж, тэдгээрийн гадаад дахь хувьцаа болон дансыг царцааж, үл хөдлөх хөрөнгийг нь арилжаанд оруулахгүй байх, хориг тавьсан орнуудад зорчуулахгүй байх зэрэг арга хэмжээ авсан юм. Зөвхөн Европын холбоо л гэхэд ОХУ-ын 150 иргэнийг дээрх жагсаалтад оруулав.

ОХУ нь бие даасан, аж үйлдвэржсэн их гүрэн хэдий ч хориг арга хэмжээний улмаас эдийн засаг нь ихээхэн хохирол амсаж 2014-2015 онд рублийн ханш нь 40 хувиар унаж, макро эдийн засгийн нөхцөл байдал нь бүхэлдээ хүндэрч, эдийн засаг нь зогсонги байдалд оров. Үүний улмаас 2015 онд эдийн засгийн өсөлт нь -3.7 хувь хүртэл унаж, инфляц 15.5 хувьд хүрч, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөж,  асар богино хугацаанд ядуучуудын тоо нь эрс нэмэгдсэн байна. Оросын статистикийн мэдээгээр ядуучуудын тоо нь 20 сая буюу нийт хүн амынх нь 13 хувьд хүрэв. Нефть, байгалийн хийн экспорт  улсынх нь нийт орлогын 50 орчим хувийг бүрдүүлдэг, ихэнх хувийг нь Европын холбоонд нийлүүлдэг онцлогтой Орос орны хувьд энэхүү  хориг арга хэмжээ ихээхэн сөргөөр нөлөөлж байна.

ОХУ, Европын холбоо хоорондын худалдааны эргэлт эрс багасч, хөрөнгө оруулалт буурч, санхүүгийн салбар нь хөрөнгийн гадагш урсгалд өртөж, зөвхөн 2014 онд 153 тэрбум ам.доллар ОХУ-аас гарчээ. 2012 онд Орос-Германы худалдаа 80 тэрбум евро байсан бол 2016 онд 47 тэрбум евро болж бараг 50 хувиар буурчээ.

Энэ хүндрэлийн улмаас  тус улс төрийн өмчит томоохон компаниуд хувьцаагаа зарж эхлэв. Эдүгээ Роснефть компани хувьцааныхаа 20 хувийг /10 тэрбум ам доллар/ Хятад, Энэтхэгийн талд зарахаар яриа хэлцээ хийж байна. ОХУ-ын хувьд хориг арга хэмжээний сөрөг нөлөөг саармагжуулах үүднээс импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөө аж ахуйн салбарыг төрөөс дэмжих, гадаад худалдаагаа Хятад, Энэтхэг зэрэг Азийн орнууд руу чиглүүлэх зэрэг замаар өнгөрсөн онд -0.2 хувьтай гарсан эдийн засгаа 2017 онд 1.0-1.1 хувийн өсөлтөд хүргэхийн төлөө ажиллаж байна. Гэвч дотоодын эдийн засгийн бодлогодоо томоохон өөрчлөлт хийж гадаад түншүүдтэйгээ харилцаагаа өөрчилж, гадаад худалдааны гольдирлыг өөрчилж дуустал хугацаа шаардагдах нь тодорхой юм.

ЕХ болон АНУ эдийн засгийн хориг арга хэмжээгээ сунгасаар ирсэн нь ОХУ-д гадаадын компаниуд хөрөнгө оруулах, хамтарсан үйлдвэр барих зэрэг бизнесийн үйл ажиллагаа явуулах итгэлийг алдагдуулж, төрийн томоохон банк, компаниудыг санхүүгийн эх үүсвэрээр боомилж байгаа нь богино хугацааны өрийн төлбөр болон хөрөнгө оруулалтад хүндрэл учруулж, дунд хугацааны эдийн засгийн хөгжилд нь сөргөөр нөлөөлөх төлөвтэй болоод байна. Мөн ЕХ болон АНУ нь Оросын эрчим хүч болон батлан хамгаалах салбарт чухал шаардлагатай өндөр технологийн бүтээгдэхүүнээ нийлүүлэхийг хориглосон нь дээрх хоёр салбарын технологийн хөгжилд ч сөргөөр нөлөөлж байна.

ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ нь ОХУ төдийгүй Европын Холбооны гишүүн орнуудад ч ихээхэн хохирол учруулж буйг олон улсын судалгааны байгууллагууд онцолж байна. ОХУ нь Европын Холбооны хувьд нийт гадаад худалдааных нь 8.4 хувьтай тэнцэх гурав дахь том худалдааны түнш нь юм. Нөгөөтэйгүүр, Европын Холбоо нь ОХУ-ын хамгийн том худалдааны түнш  бөгөөд нийт гадаад худалдааны 48 хувь,  ОХУ дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 хувь нь Европын Холбооны орнуудад ногддог. Харин ОХУ-аас экспортод гаргадаг нийт эрчим хүчний 74,9 хувийг  Европын Холбоонд  нийлүүлдэг.

ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний үр дагавар нь Европын Холбооны эдийн засгийг бүхэлд нь доргиох хэмжээнд хүрэхгүй ч Европын хүнсний бүтээгдэхүүний экспортын 70 орчим хувь нь ОХУ-д  ногддог. Тиймээс Европын Холбооны зарим гишүүн орны хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт уг хориг сөргөөр нөлөөлж байна.

Австрийн Эдийн засгийн судалгааны институтийн хийсэн судалгаагаар Европын Холбоо, ОХУ-ын хоорондын худалдааны зогсонги байдал богино хугацаанд 34 тэрбум евро, урт хугацаанд 92 тэрбум еврогийн алдагдалд хүргэж, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт 2,2 сая ажлын байраа алдахаар байгаа юм байна.

2014 онд Европын Холбооноос ОХУ-д нийлүүлдэг барааны хэмжээ 12.1 хувиар,  ОХУ-аас авдаг барааных нь хэмжээ 13,5 хувиар тус тус буурч, нийт худалдаа нь өмнөх онтой нь харьцуулахад 41 тэрбум еврогоор буурсан байна. Европын Холбооны хүнсний бүтээгдэхүүний нийт экспортынх нь 9 орчим хувь нь  ОХУ-д ногддог бөгөөд энэ нь Европын Холбооны хувьд АНУ-ын дараа орох томоохон зах зээл нь юм.

Европын Холбооноос 2013 онд ОХУ-д 11.3 тэрбум еврогийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсэн бөгөөд харин 2015 оны 7 дугаар сарын байдлаар хүнсний бүтээгдэхүүний экспорт нь 43 хувиар багасч 6,3 тэрбум евро болсон. ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас 2014 оны байдлаар Европын Холбооны хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар 6.7 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна.

Францын “Centre d`Etudes Prospectives et d"Informations Internationales” судалгааны төвийн мэдээллээр ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас Польш, Франц улсын экспортын алдагдал 2013 оны 12 дугаар сараас 2015 оны 6 дугаар сарын хооронд 200 сая ам.долларт хүрчээ.

ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээ Европын зарим орнуудад хэрхэн нөлөөлж байгааг орон тус бүрээр нь авч үзвэл хориг арга хэмжээний үр дагавар орон бүрт хэрхэн мэдрэгдэж байгааг мэдэж болохоор байна. Тухайлбал, ОХУ- Их Британий худалдааны эргэлт 2014 онд 16.8 тэрбум ам.доллар  байсан бол 2015 онд 10.2 тэрбум ам.доллар байсан нь өмнөх оныхоосоо 39 хувиар буурсан байна. Британийн экспорт 45 хувиар буурч 3.7 тэрбум ам.доллар болсон бол импорт мөн 35 хувиар буурч 6.5 тэрбум болсон. 2016 онд хоёр орны худалдааны эргэлт өмнөх оноос 7.3 хувиар буурсан байна.

 Итали Улсын ОХУ-д экспортлодог бараа  бүтээгдэхүүний хэмжээгээрээ Европын Холбооны орнуудаас Германы дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг. Эдийн засгийн хориг арга хэмжээ авахаас өмнө хоёр орны  худалдааны нийт эргэлт 30 тэрбум евро, үүнээс Италиас ОХУ-д гаргасан экспортын хэмжээ 10.8 тэрбум евро хүрч, өмнөх оныхоосоо 9.4 хувийн өсөлттэй гарсан байна. Харин эдийн засгийн хориг арга хэмжээ авснаас хойш буюу 2014-2017 оны нэгдүгээр улиралд хоёр улсын экспортын хэмжээ дунджаар 6.8 тэрбум евро болтлоо буурчээ.

Мөн шууд бус нөлөөллөөр 80000 ажлын байр алдсан гэж үздэг. Европын Холбооноос ОХУ-д тавьсан эдийн засгийн хоригоос үүдэн Австри Улсад 7000 ажлын байр алдагдсан гэж үздэг. Австриас авдаг хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа жимс, бяслаг, мах, хиаман бүтээгдэхүүнийг ОХУ импортлохоосоо татгалзсанаас 550 сая орчим еврогийн алдагдал хүлээсэн байна. Австри улс нь байгалийн хийн нийлүүлэлтийн 85 хувийг ОХУ-аас авдаг бөгөөд тус улсад тавьсан хоригийг анхнаас нь эсэргүүцэж ирсэн. Унгар улс сүүлийн гурван жилийн хугацаанд 6,5 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн хэмээн Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан мэдэгдсэн.

Европын Холбооноос ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан эрс шүүмжилдэг бөгөөд “эдийн засагт хамааралгүй асуудлыг эдийн засгийн аргаар шийдэх гэж оролдох нь ямар ч үр дүнгүй” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Унгар Улсад 2017 оны хоёрдугаар сард хийсэн айлчлалын үеэр мэдэгдэж байв. ОХУ, Польшийн худалдааны эргэлт 2015 онд 19.7 тэрбум ам.доллар байсан нь өмнөх оныхоосоо  40 хувиар буурсан байна.

ОХУ,Чех Улсын худалдаа 2013 онд 10.32 тэрбум евро байснаас экспорт 4.47 тэрбум евро, импорт 5.84 тэрбум евро байв. Гэвч 2016 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт нь  56.9 хувиар буурч 5.88 тэрбум евро болж багасчээ.

Дани, Оросын худалдааны эргэлт 2015 онд 2.2 тэрбум ам.доллар байсан нь өмнөх оныхоос 14 хувиар,  Ирланд, Оросын худалдааны эргэлт өмнөх оныхоосоо 55 хувиар, Швед, Оросын худалдааны эргэлт 44 хувиар тус тус буурлаа.

 Эдгээр баримтуудаас үзэхэд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ нь зөвхөн ОХУ-ын эдийн засаг, нийгмийн амьдралд төдийгүй түүний түншүүдийн эдийн засгийн байдалд ч мөн адил сөрөг нөлөө үзүүлсээр байна.

Саяхнаас Катар Улсын эргэн тойронд Булангийн орнуудын түншлэлийн харилцаанд үүссэн нөхцөл байдал ч гэсэн зөвхөн Катар төдийгүй бусад орны улс төр, эдийн засгийн харилцаа, ард иргэдийн амьжиргаанд нь мөн сөрөг үр дагаврыг авч ирсээр байна. 2016 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Бахрейн, Египет Катар Улсаас дипломат харилцаагаа тасалж, агаарын зам, хуурай зам, усан замаа хааж байгаагаа мэдэгдэж, улмаар Ливи, Йемен, Коморын арал, Мальдив, Мавритани зэрэг орнууд ч Катартай дипломат харилцаагаа таслаж буйгаа мэдэгдсэн. Мөн Йордан, Чад, Сенегал, Жибути, Эритреа, Нигер зэрэг улсууд Катар Улстай харилцааны түвшинг бууруулж буйгаа зарлалаа.

Өөр хоорондоо худалдаа, эдийн засгийн нягт холбоотой явж ирсэн Булангийн болон энэ бүс нутгийн орнуудын зам тээврийн харилцаанд томоохон бэрхшээл учирч тээврийн компаниудын орлого эрс буурахаас эхлэн худалдаа, эдийн засгийн байдалд нэлээд сөргөөр нөлөөлж, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний импортоос хамааралтай Катар  Улсын дотоодод хүнсний хомсдол үүсэх, үнэ өсөх зэрэг нөхцөл байдал үүсээд байна. 

Түүнээс гадна Катар Улстай худалдаа, эдийн засгийн харилцаатай явж ирсэн эдүгээ харилцаагаа таслаад байгаа орнуудад ч бас сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй байна.Өнөөгийн байдлаар Саудын Арабын Saudia, АНЭУ-ын Emirates, Etihad, FlyDubai, Air Arabia зэрэг агаарын тээврийн компаниуд нислэгүүдээ зогсоосон бөгөөд Qatar Airways  ч  Саудын Араб руу хийдэг нислэгээ зогсоогоод байгаа нь дурдсан компаниудын бизнест ихээхэн хохирол учруулж эхлээд байна.Египет Улс Катартай дипломат харилцаагаа тасалж, агаарын орон зайгаа ашиглуулахгүй шийдвэр гаргаад байна. Түүнээс гадна Катар Улсад Египетийн 300000 гаруй иргэн хөдөлмөр эрхэлж ар гэрийнхэндээ багагүй мөнгө гуйвуулдаг бөгөөд хэрэв байдал даамжирч Египедийн иргэдийг буцаахад хүрвэл Египед Улсын эдийн засагт ч багагүй сөрөг үр дагавар  авч ирэхээр байна.

Энэ бүс нутгийн долфин хэмээх хийн хоолой нь Катарын хойд хэсгийн ордуудыг  АНЭУ, Омантай холбодог бөгөөд энэхүү хийн хоолойгоор Катар нь АНЭУ-д хоногт 2 тэрбум куб фут байгалийн хий нийлүүлдэг бөгөөд өнөөгийн байдлаар Qatar Petroleum компаний удирдлага хий нийлүүлэлтээ үргэлжүүлэхээр шийдвэрлэснээ мэдэгдээд байгаа боловч хэрэв хүчтэй шахалтад орж хий нийлүүлэх явдал зогсоход хүрвэл хийн хэрэгцээнийхээ 40 хувийг Катараас хангадаг Эмиратын эдийн засагт ч хүнд цохилт болж мэднэ.

Катарын дотоодын хүнсний бүтээгдэхүүний импортын 40 орчим хувь нь Саудын Арабын нутгаар дамжиж тээвлэгддэг тул энэхүү хориг арга хэмжээ хүнсний бүтээгдэхүүний үнэ, тогтвортой хангамжид нөлөөлөх магадлал өндөр төдийгүй зам, тээврийн ложистиктой холбоотой олон төвөгтэй асуудал үүсэхээр байна.  

Тэгвэл Монголд юу болж болох вэ. Дэлхийн эдийн засгийн цөм, хөрөнгө оруулалтын хамгийн хүчтэй доргилтыг үүсгэж чадах хүчийг төвлөрүүлсэн гэж үзэж буй Хятад улсын хөрш орны хувьд улсынхаа Ерөнхийлөгчөөр Хятадын эсрэг ярьдаг ч “ханцуйдаа нөхөрлөдөг” Ерөнхийлөгчид 500 гаруй мянган иргэн нь саналаа өгснөөс шалтгаалан Монголын талтай томоохон яриа хэлэлцээ эхлээд буй хөрөнгө оруулагчид зарим тодорхой албан тушаалтнаас “Танай улс төрийн орчин тогтвортой байх уу” гэж шалгааж эхэллээ.

Хэдийгээр сонгууль бүрэн дуусаагүй ч эхний дохио эргэлзээ төрүүлсэн гэсэн үг. “Хэрэв Хятад манай улсад эдийн засгийн хориг тавибал яах вэ” гэдэг асуулт яагаад урган гарахгүй гэж. Хятад ч, Орос ч Х.Баттулгыг ч, М.Энхболдыг ч “танина”. Харин гадаад бодлогын талаар ямар асуудал дэвшүүлж мөрийн хөтөлбөртөө танилцуулсныг нь хүний нутгийнхан байтугай манай нутгийнхан ч бүрэн мэдэхгүй.

БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Лихүй хамгийн сүүлд буюу гурав хоногийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэдийгээр дэлхийн эдийн засгийн сэргэлт удааширч, дэлхийн худалдаа хөрөнгө оруулалт өөдрөг бус байгаа зэрэг ашиггүй хүчин зүйлс байгаа ч Хятад, Оросын худалдаа илэрхий сайжирч байна. Энэ оны эхний таван сард, Хятад, Оросын хоёр талт худалдааны хэмжээ 223 тэрбум 100 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 33.7 хувиар өслөө. Үүнд хоёр талт худалдааны бүтэц тасралтгүй сайжирсан, банк санхүү, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд шинэ амжилт гарсан, том төслүүдийн хэмжээ нэмэгдсэн, харилцан саадгүй холбогдох бүтээн байгуулалт шат дараатай өрнөсөн гэсэн дөрвөн шалтгаан хэлжээ.

Манай талд энэ “сайхан харилцаа” бол айхавтар том хавхаг билээ. Манай эдийн засаг гол найдвараа эрдэс баялаг дээр тавиад байдаг. Харин Си Жинпин улсынхаа имижийг өргөх төлөвлөгөөнд таван их наяд ам.доллар цацна гэж байгаа.  Төрийн зөвлөлийн дарга Ли Көцэний шийдвэрээр нүүрсээ боомтуудаар гаргахгүй хав дарчихлаа. Ямар вэ?

Зөвхөн энэ хоёр улстай л худалдаа хийдэг Монгол аль дээр танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөж, АСЕМ-ыг зохион байгуулдаг, ШХАБ-д ажиглагчийн статустай, байнгын төвийг сахьсан Монгол цаашид хэрхэн өөрчлөгдөх бол гэдэг нь анхаарал татаж байна. Жижиг гүрний том өөрчлөлт үү, том хөршүүдийн дундах бяцхан мангас уу гэдгийг ч сонирхож буй энэ цаг үед сонгуулийн санал хураалтад нөлөөлөх гэсэндээ бус, дэлхийд танигдсан бодлоготой, эвийг эрхэмлэдэг, эдийн засгаа бодсон сонголт хийгээсэй гэсэндээ энэ бүхнийг тоочлоо.


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.