Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 11 цаг 34 минут
Х.Баттулгаар улсаа удирдуулах сургаар...

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хэнийгээ сонгох нь бидний асуудал боловч монголчууд хэнийг сонгов гэдэг нь “тэдний” шийдвэрт нөлөөлдөг. Тиймээс ч сүүлийн өдрүүдэд олон улсын хөрөнгийн бирж дээр арилждаг Монголын компаниудын хувьцаа зэрэг уналтад орж эхлээд буйг тохиолдлын гэж хэлэхэд сэжигтэй болж эхэлж байна.

Өчигдөр орой л гэхэд Торонтогийн Хөрөнгийн биржийн арилжаа хаагдах үед Баян Хөндий, Алтан нар талбайд зэс, алтны хайгуул амжилттай хайгуул хийж хөрөнгө оруулагчдын найдварыг хүлээсэн, өнгөрсөн хоёрдугаар сард хөрөнгийн зах зээлээс 13.8 сая долларын хөрөнгө босгосон “Erdene Resource Development” компанийн хувьцаа 3.85 хувиар суларч, нэг канад доллар боллоо.

Гацууртын ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй, манай Засгийн газартай хэлэлцээгэ үргэлжлүүлж энэ онд эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн “Centerra Gold”-ийн хувьцааны ханш 0.14 хувиар буурч, 7.05 канад доллар боллоо. Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines”-ийн хувьцаа 10.26 хувиар буурч, 0.175 австрали доллар боллоо. “Xanadu Mines” зургаадугаар сарын 27-нд зээлийн гэрээгээ сунгаснаа зарласан юм. Тус компанийн гол хувьцаа эзэмшигчдийн нэг “Noble Resources International” компанид эргэн төлөх ёстой 2.76 сая ам.долларын төлбөрийн хугацааг 2017 оны 12 дугаар сар хүртэл сунгасан байна.

ММС байна. Түүний улстөржсөн өшөө хорслоос болж, Бизнес эрхлэгчдийн хувьд тэд Монгол Улсын Засгийн газарт татвар төлж байгаа. Түүнээс биш намд  татвар  төлдөггүй. Намын төлөө ажиллаагүй.  Тэд ажил хийхдээ Монгол улсдаа л баялаг бүтээж байна гэж хийдэг. Тэр баялаг нь бидний үр хүүхдийн, ирээдүйн монголчуудад сайн сайхан амьдрал болж очих ёстой гэж итгэдэг. Газрын тосны хууль яаж өөрчлөгдөх сургаар гадаад дотоодын компаниуд ажлаа зогсоосон. Нэг цооног өрөмдөхөд 2- 3 сая доллар байдаг. Тэгээд юу ч гарахгүй бол тэр хөрөнгө оруулагчийн эрсдэл болно. Нефть оллоо гэхэд  Засгийн газар 60 хувийг нь авна. Бүтээгдэхүүн хуваах гэрээний онцлог энэ юм. Өөрөөр хэлбэл Засгийн газар ямар ч эрсдэл хүлээхгүй. Гадаадын хөрөнгө оруулагчдыг залхаасан  сонгодог жишээ бол “Оюутолгой”. Гэтэл “Туркойз Хилл”-ийн хувьцаа унасаар...

Уг нь дэлхий түүнтэй биш бирж дээр яриад асуудлаа шийдчихдэг болсон цаг шүү дээ. Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation”-ийн хувьцааны ханш 3.51 хувиар суларч, 0.22 хонгконг доллар боллоо. Хөшөөтийн уурхайд олборлолт хийдэг тус компани боомтын үйл ажиллагаанаас болж саатаад байсан нүүрсний экспортоо хэвийн явуулж эхлээд байгаа юм. Гэвч Хятадад дургүй Монгол Удирдагч “төрөхөөр дуншиж” буй нь тэднийг эргэлзэхэд хүргэж байна. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний дүн гарсны дараа голлох уул уурхайн компаниудын хувьцааны ханш гадаадын Хөрөнгийн биржид буураад байгаа нь юуных вэ.

ММС-ийн “дайсан” улам их эрх мэдэлд хүрэхийн тулд сүүлчийн төгрөгөө ч үл хайрлан зүтгэсээр байна. Ийм хонзогногчийг, тийм хөрөнгө оруулагчдын “дайсан”-г үйлдвэрлэл хөгжүүлж, бизнесийн эрх чөлөөг тэлж эдийн засагт өсөлт авчирна гэж хэн итгэх билээ. 2012 оны өвөл “Хүмүүс ядуу байхад гудамжаар “Rolls Royce”-той явж чадахгүй байна. Би нэгийг авчихсан. Унаад явах гэхээр чаддагүй юм” гэж байсан тэрбээр өөрөөс нь өөр монгол хүн баяжихад яагаад ингэтлээ уурладаг юм бол.

Тухайн үед Х.Баттулга “Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад “Петровис”-ын Ж.Оюунгэрэл “НИК”-ийг авах үед нь түүнд би мөнгө зээлж байлаа. “Би биш бол оросууд авах гээд байна” гэж байсан. Одоо өөрөө үүнийгээ таг мартчихаагүй л бол санах л ёстой.

Тухайн үед тендерт оролцож байхад нь “Монгол хүн үүнийг авахгүй бол гадныхан орж ирж эзэмших гээд байна. Тэгвэл тэр чигтээ хараат болно” гэж ятгаж байсан. Ядаж бензинээ өөрсдөө жижиглэнгээр худалдъя гэсэн” гэж ирээд л ярьсан даа. Одоо яг тэр аргаараа “Эрдэнэт” үйлдвэрийг хэрхэн “авсан” тухайгаа ярина даа, түр хүлээцгээе.

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг Монгол улсад хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан эхний ээлжийн 38.6 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний санхүүжилт Монголбанкинд орж ирсэн. Үүнийг бид нам дор түвшинд инфляциа тогтоож,  төгрөгийн ханшаа барьж валютын хөөрөгдлийг цаламдаж чадсаны хүчинд олж авсан. Улс төрийн тогтвортой байдал энд чухал үзүүлэлт болсон бөгөөд ийм даваа давж хүнд нөхцөлт хөтөлбөрт хамрагдчихаад дараа нь улс төрийн тогтворгүй байдал үүсгэх “Хэн, хэзээ энэ хөтөлбөрт хамрагд гэсэн юм бэ”, “Яагаад ингэтлээ уул уурхай ухаад унав” гээд “зарлигдаад”, хийрхээд унавал гадаадын хөрөнгө оруулагчид хэзээ ч итгэхгүй. Нэгэнт алдсан итгэлийг олж авах ямар хэцүүг тэр өөрөө  ч гадарлах...Дээр нь хувь хүн талаасаа гадаадын хөрөнгө оруулагчдыг нууц гэрээгээр төөрөлдүүлж шилжүүлсэн мөнгөө буцааагаад өөрийн талын данс руу хийлгэдгээрээ гаршсан түүнтэй “төрийн нэрийн өмнөөс наймаа хийнэ” гэдэг тэнэг алхам. Хэзээ ч, юунаас ч ухарч буцахдаа гарамгай түүнтэй өдөр бүр шахам хэвлэлд бичүүлж улс орныхоо ч, бизнеийнхээ ч нэр хүндийг буртаглахыг хэн ч хүсэхгүй.

Энэ мэтчлэн “Х.Баттулгаар улсаа удирдуулах сургаар...” дэлхий биднээс зайгаа барьж эхэллээ. Үгүйдээ л түр харзнана. Түүнийг өөрийнхөө шүүхийн өмнө, цаашилбал олон улсын шүүхийн өмнө цэвэр эсэхийг судалж байж хэлэлцээ хийнэ. Гадаад бодлогын хувьд, эдийн засаг, худалдааны ямар чиглэл баримталж байгааг нь ажиглана. Түүнд “хууртагдсан” гэх орнууудаас л одоо бид горьдоод байгаа юм шүү дээ. Тэгэхээр их эргэлзээний далайг хэрхэн гэтэлж дэлхийтэй харилцах вэ. Х.Баттулгын дургүй Хятадын эдийн засгаас яаж ангижирч баяжих вэ. Геополитикийн азтай, эзтэй байршлаа мартаад нүүх үү. Бүх гацаа энд л байна. Гэвч мань Х.Баттулга “Гацаасандаа баяртай байгаа байх оо”.



Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.