Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 11 цаг 34 минут
Монгол Улс түүхэндээ анх удаа яллагдагчийг Ерөнхийлөгчөөр сонгох уу

-“Загалмайлсан эцэг” Төрийн тэргүүн болж мафижсан үйлдлээ шүүхээс салгахад 3 хоног үлдлээ-

Нэр дэвшигч Х.Баттулга яллагдагчаар татагдсан статус хэвээр гэдгийг холбогдох байгууллагууд мэдэгдлээ. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн 2017 оны 6 дугаар 6-ны үдээс хойш УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Цэрэнбат, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Золбоо нар яаралтай хэвлэлийн хурал зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын талаарх ноцтой баримтыг дэлгэлээ. Тэд дээрх баримт, мэдээллүүдийг АТГ болон холбогдох хуулийн байгууллагуудад өгснөө энэ үеэр мэдэгдэв. Энэ нь Х.Баттулгад арай ч нэр дэвшигчийн үнэмлэх өгчихгүй байх гэж байтал баяр ёслолын байдалтайгаар сурталчилгаагаа эхэлсэн тул “Х.Баттулгыг ялладагчаар татсанаас хойш юу болов” гэдгийг мэдэхийн тулд түүнийг “Сэжигтэн үү, яллагдагч уу, шүүгдэгч үү, статусыг нь тодорхойлж өгөөч. Энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа хэзээ дуусах вэ. Хэргийг хаасан бол түүнийгээ сонгогчдод хэлж мэдээлээч гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АТГ, ТЕГ, УПЕГ, ЦЕГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагуудад шаардлага хүргүүлсэн юм.

Тэд нэр дэвшигч Х.Баттулгыг ҮХАА-н сайд байхдаа Зам тээврийн сайд асан А.Гансүхтэй бүлэглэн Концессийн тухай хуулийг зөрчин Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих шийдвэр гаргуулж, санхүүжилтийг гүйцэтгэлээс зөрүүтэй гаргуулж 720 тэрбум төгрөг завшсан гэх үйлдэлд холбогдон шалгуулж байсан. Мөн УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод заасан эхний үе шат болох Даланзадгад-Чойбалсан чиглэлийн 1100 км төмөр замыг барихдаа БНХАУ-ын иргэн Wang Wenliang гэгчийн Хонгконгод үүсгэн байгуулсан “Море” компанид хууль бусаар олгох нууц гэрээг 2011 онд байгуулж үүнийхээ шан харамжид Wang Wenliang-ийн төрсөн дүү Wang Daqian гэх этгээдийн Хонконгт үүсгэн байгуулсан “Koon Yau Limited” компанис “CAMEX”, “Их Майдар” сан, “Түмэн хишигтэн”, “Либерти партнерс” компаниудаараа дамжуулан 2 сая ам.долларын хээл хахууль авсан гэх хэрэг ямар шатанд шалгагдаж байгаа вэ. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга нь ҮХАА-н сайдаар ажиллаж байхдаа Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчин, нийгэм эдийн засгийн суурь судалгаа хийхээр батлагдсан Засгийн газрын 2013 оны 76 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангалгүйгээр дур мэдэн тендерийн шаардлага хангаагүй “Натур фрэйндли” ХХК-ийг хууль бусаар шалгаруулахдаа 4.3 тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирлыг учруулсан зэрэг гэмт хэргүүдийг шалгах явц аль шатандаа явж байна вэ. Энэ бол Монгол Төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай сонголтын өмнө зайлшгүй мэдэх ёстой асуудал” гэсэн юм.

Гэвч АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн штабаас энэ бүхнийг мартуулж сонгогчдын анхаарлыг өөр зүгт хандуулахын тулд “60 тэрбумын гэрч Г.Доржзодов” гэдэг жүжиг зохиож “гал унтраах”-ыг хичээв. Харин УИХ-ын нэр бүхий гишүүд, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Золбоо нараас албан бичиг хүлээж авсан байгууллагууд хариугаа ирүүлсэн байдаг. “Одоогоор яг хэдэн хавтаст хэрэг байгаа, яаж шийдэгдсэн юм бэ. Түүний холбогдсон 720 тэрбум төгрөг бага мөнгө биш. Наанадаж 720 цэцэрлэг барих мөнгө. Ийм хэмжээний мөнгө төрийн алба хашиж байхдаа завшсан бол үнэнийг олох ёстой. Энэ талаарх мэдээллийг холбогдох хүмүүсээс авч иргэдэд мэдээлэх нь одоогийн Эв нэгдлийн билэг тэмдэг, ҮАБЗ-ийн ттэргүүний нэн даруй хийх ажил, үүний үнэн мөнийг олж өгөөч гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хүсч байна. Зөв зарчим, зөв мэдээлэлд суурилсан, хууль ёсны сонгууль болоосой” гэсэн тэдний шаардлагын хариуд ямар хариу ирсэн гээч. Тэд сонгууль дуустал задлахгүй байх. Яагаад гэдгийг мэдэхгүй ч таамаглаж байна. Хамгийн гол нь тэр хариуд юу байсан бэ гэвэл АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг яллагдагчаар татсан нь үнэн. Түүнд холбогдох хавтаст хэргүүд бий. Хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Гэхдээ шүүхээр гэм буруутайд тооцсон шийдвэр гараагүй учраас нэр дэвших эрхийг нь хаагаагүй аж.

Харин иргэн миний бие сэжигтэн, эсвэл яллагдагчаар татагдсан, гарын үсгээ зурчихсан бол яасан ч нэр дэвших байтугай ямар нэг албан тушаалд томилогдох эрх минь хаалттай байх байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улс түүхэндээ анх удаа “Яллагдагч”-аар татагдсан, гурван ч хавтаст хэрэгтэй нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгох тулгалтад орсон бололтой.

Сонгогчдын анхаарал хүссэн, хүсээгүй “Нэр дэвшигчдийн боловсролыг, гэр бүлийг, хэн нь сайн эвлүүлэг хийдэг сурталчилгааны багтайг” шинжиж дуусаад одоо хуулийн хэлээр ярих цаг ирэв. Тийм ээ, гурван муухай Монголоос арай дээр Монголыг нь Ерөнхийлөгчөөр сонгох гэж байна. Дээрх байдлаас харахад монголчууд мөрийн хөтөлбөр уншиж сонголтоо хийж сурах болоогүй аж. Магадгүй, “Сонгогчдын боловсрол”-оор овоглосон УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд асан Р.Бурмаа завгүй байсан болохоор хугацаа алдсан ч байж болох юм.

Бидний санах ой хэчнээн бага багтаамжтай ч Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар Н.Энхбаярыг сэжигтэн учраас өрсөлдөх боломжийг нь хаасныг санаж байна. Тэгвэл энэ удаа яллагдагчаар татагдчихаад байгаа, гурвын гурван хавтаст хэрэгтэй хүнийг нам нь ч, СЕХ ч яагаад өрсөлдүүлээд цагийг нь, мөнгийг нь бараад, олон түмнийг төөрөлдүүлж талцуулж орхив.

Ерөнхийлөгчийн сонгууль бол тоглоом биш. Нийт сонгогчийн 50-аас дээш хувийн саналыг залилан мэхэлж авч болохгүй. Ёс суртахуунгүй, хууль зөрчсөн этгээд азаа үзэж нэрээ дэвшүүлдэг сонгууль биш ээ. Одоо бүгдээрээ албаны хэлээр ярьцгаая, тоглоом тоотой нь дээр.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хамтарсан мөрдөн байцаагдын ажлын хэсгээс Х.Баттулгыг яллагдагчаар татсан нь үнэн болохыг холбогдох байгууллагууд нотлоод байгаа аж. Гэвч Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэх хуулийн зарчим л түүнийг аварч байна. Аврах нэг хэрэг, харин сонгуульд өрсөлдөх эрх нь нээлттэй эсэх нь өөр хэрэг.

Нэр дэвшигч Х.Баттулга 50-аас дээш хувийн санал авч Ерөнхийлөгчөөр сонгогдлоо гэхэд хамгийн түрүүнд эдгээр хэргүүд, түүнийг шалгасан хуулийн байгууллагынхны үүргийн дагуу хөдөлмөрлөсөн бүхэн шууд хогийн саванд орно. Ямар “Тэр үед Х.Баттулга Зам Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын сайдаар ажиллаж байгаагүй” гэлтэй биш. Эсвэл “Улсад онц их хэмжээний хохирол учраагүй” гэсэн дүгнэлт гаргах уу.

Хавтаст хэрэг-1: /201701000067/

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа 201601000055 дугаартай “...Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Х.Баттулга болон тус яамны эрх бүхий албан тушаалтнууд нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалын ажлыг эхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолд заасан Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдал, нийгэм эдийн засгийн суурь судалгааг хийлгээгүй, хяналт тавиагүйгээс улсад 4.439.779.079.26 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учирсан гэх хэрэгт Х.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд дээрх хэргүүдэд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Харин эрүүгийн 201701000067 дугаартай, Х.Баттулга нарт холбогдох хэргээс эрүүгийн 201501000154 дугаартай А.Гансүх нарт холбогдох хэргийг тусгаарлаж, Нийслэлийн прокурорын газраас 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 69 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба хэрэг одоогоор шүүхийн шатанд хянагдаж байгаа аж. Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2017 оны зургаадугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.48, 1661 дүгээр зүйлийн 1661, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн 201701000120 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагагаа явуулж байгаа гэж мэдэгджээ.

Ийнхүү мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр сэжигтнээр байтугай яллагдагчаар татагдаад байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга, ямар ч үнэ цэн, ямар ч аргаар хамаагүй нам дотроо ялалт байгуулж одоо шүүх эрх мэдлийг эзэгнэхийн төлөө улайрч байна.

Нэр дэвшихдээ шүүх, прокурорын, Эрүүгийн цагдаагийнхныг дуугүй байлгаж чадаж байгаа хүн Ерөнхийлөгч болсныхоо дараа хэнийг, юуг амыг нь барьж, ямар хавтаст хэргийг үгүй хийх бол. Тэр цагт Х.Баттулга шиг ариун нэртэй улстөрч үлдэхгүй. Монголын шүүх байтугай Олон улсын шүүхийн өмнө хууль үйлчлэхгүй цорын ганц мафижсан бүлэглэл цагаадна, хууль үйлчлэхгүй болно. “Загалмайлсан эцэг”-ийг шүтэн бишрэгч тэрбээр яг үүнийг л хүсч байжээ. Үүнийг зогсоох ганц өдөр нь 2017 оны зургадугаар сары 26-ны өдөр.


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.