Сүүлд шинэчлэгдсэн: 1 цаг 39 минутын өмнө
Хүлэмжийн хий ялгаруулахыг дэмжсэн цор ганц Засгийн газартай хариуцлага тооцъё

Одоо утаатай тэмцье, тэгэх үү, гуйя. Өмнө нь утаатай тэмцсэн Ерөнхийлөгч ба нүүрс түлэхийг дэмжсэн Ерөнхий сайд хоёрын тэмцэл өрнөж байсан юм.

Монгол Улс 1997 онд Японы Киото хотод болсон хуралдааны үеэр тус протоколд нэгдсэн. Энэ протоколд нэгдэн орсон улс гүрнүүд 2008-2012 он гэхэд 1990 оныхтой харьцуулахад хүлэмжийн хийн ялгаралтыг 5 хувиар бууруулсан байх гэсэн том хариуцлагыг хүлээсэн байна. Киотогийн протоколд нэгдэн орвол холбогдох байгууллагаас нь тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх тухай ч гэрээнд тусгасан нь бий. Гэвч манай төр нүүрсийг дэмжиж хүн төрөлхтний өмнө гэмт хэрэг үйлдсэн гэхэд худлаа хэлсэн гэхгүй байх. Ийм гэмт бодлого үйлдсэн Засгийн газар дэлхийн түүхэнд хэр олон бол?

Үүний дараа буюу Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын сэнтийгээс буусны дараа, 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Парисын гэрээ”-г батлан, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, нүүрстөрөгч бага ялгаруулдаг технологи ашиглахад чиглэсэн арга хэмжээ, хөрөнгө оруулалтын хүчийг ашиглах тухай түүхэн гэрээг 195 улс үндэстний харилцан тохиролцсоноор байгуулахад Монгол Улс багтсан. “Парисын гэрээ”-ний гол зорилго нь энэ зуунд дэлхийн агаарын температурын өсөлтийг 20С-ээс бага хэмжээнд байлгах, аж үйлдвэржилтийн өмнөх түвшинд температурын өсөлтийг 1.50С-ээр хязгаарлах хүчин чармайлт баримтлах явдал юм. Түүнчлэн гэрээгээр улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шинэчилсэн төлөвлөгөөгөө 5 жил тутамд танилцуулахыг зорилт болгожээ. Мөн хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнд зориулан 2020 он хүртэл 100 тэрбум ам.доллар санхүүжүүлэх замын зураглалыг тодорхойлохоор оролцогч талууд шийджээ.

Улаанбаатарын агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон аюултай хэмжээнээс 4 дахин их байна. Энэ судалгаа агаарын бохирдлын хэмжээ, амьсгалын замын өвчний улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хүүхдийн тоо шууд хамааралтайг харуулдаг. Аргаа барсан эцэг эхчүүд бухимдахаас, жагсахаас аргагүйд хүрээд байна. Эцэг эхчүүд өөрийн хүүхэд өвчингүй бол боллоо гэсэн шиг гараа хумхин сууж тэвчилгүй жагсаал хийсэн боловч уриа лоозон нь хогийн саванд, хүүхдүүд нь эмнэлэгт хэвээрээ. Засгийн газрыг шүүхэд өглөө гэсэн мэдээ харагдана. Аль Засгийн газрыг тэр вэ?
Өнгөрсөн дөрвөн жилд утааг бууруулах нэрийдлээр нийт 132.5 тэрбум төгрөг зарцуулсан Засгийн газартай юу? Байгуулагдаад тав дахь сардаа ажиллаж байгаа Засгийн газаргтай хариуцлага тооцох уу. Шинэ Засгийн газрын хувьд хийх ажил урд нь байна. Гэвч өмнөх он жилүүдийн өрийг дарах том даалгавартай. Хэлмэгдэх нь холгүй ийм ялд унахын зэрэгцээ гэр хорооллын айлуудаар явж, хувийн хэвшлийнхний урмыг сэргээж, утааны асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэн шийдэлд хүрэх арга замыг хайж байна.

Монголбанк, Засгийн газар, бондын хөрөнгөөс зарцуулсан мөнгөний хэмжээг харахад утааг бууруулах боломжтой хэмжээний хөрөнгө зарцуулжээ гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Харин үр дүн нь хаана байна вэ, яг зориулалтаар нь зарцуулсан уу гэдэг эргэлзээтэй. 

2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын тухай хууль батлагдаж, энэ хүрээнд Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах, бүсийн гэр хорооллын цахилгааны хэрэглээг хүйтнийг улиралд оройн 18 цагаас өглөөний 09 цаг хүртэл сунгаж, эрчим хүчний үнийг 50 хувь хүртэл чөлөөлөх, гэр, барилга байгууламжийн дулаалгын нэгдсэн системийг батлах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гарах санхүүгийн асуудлыг гадаадын зээл тусламж, бонд гаргах зэрэг нэмэлт эх үүсвэрийн замаар шийдэх гэх мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлэхээр болсон юм.

Наанадаж хувийн хэвшлийн байгууллагууд түлш үйлдвэрлэлийн шинэ технологи, үйлдвэрлэлүүдээр уралдаж эхэлж байтал Н.Алтанхуягийн Засгийн газар нүүрс тарааж урам зориг, шинэ сэдлийг нь няц гишгэсэн. Түүнд  “Цэвэр агаар сан” гэгчийг дэргэдээ байгуулж их хэмжээний хөрөнгийн эрх мэдлийг гартаа атгах нь утааг арилгахаас чухал байсан аж.

Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын тухай хууль батлагдсанаас хойш 2011 онд 14 тэрбум 302 сая, 2012 онд 36 тэрбум 883 сая төгрөг, 2013 онд 22 тэрбум 713 сая төгрөг, -2014 онд 20 тэрбум 260 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна.

Энэ бүх тоо зөрдөг. Хамгийн сүүлд УИХ-ын Өргөдлийн Байнгын хороон дээр Г.Занданшатар гишүүн “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр “200 тэрбум төгрөг хаачив” гэж нэхээд “10 мянган айлын орон сууц барих нь” гэсэн хариулттай буцсан. Хамгийн сүүлийн дүн мэдээ энэ бололтой.

Тэгэхээр Киотогийн гэрээг зөрчиж нүүрс тараасан Н.Алтанхуягийн Монголын ард түмний өмнө төдийгүй Киотогийн гэрээнд нэгдсэн орнуудын, дэлхийн хүн төрөлхтний өмнө үйлдсэн гэмт хэрэгт хэн хариуцлага тооцох вэ. Тэр өөрийнхөө “сонгосон” хариуцлагаа хүлээх, тодруулбал 2013 оны арваннэгдүгээр сарын 29-ний хэвлэлүүдэд  “Улаанбаатарын утаа гурван жилийн дотор буурахгүй бол Н.Алтанхуяг гэдэг хүнтэй ярь. Би ч бас нэг юм бариад авахаараа хийчихдэг хүн шүү” гэж хэлсэн. Тэр үнэхээр “барьснаа тавьдаггүй, хийчихдэг” юм байж. Бид буруу сувгаар ойлгосон бололтой. Одоо түүнтэй хариуцлага ярих гэхээр “Авраарай, 37 он давтагдлаа” гэж хашгирдаг хариуцлагагүй ардчилагч юм байж. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхийлөгчийн харьяанд байхад үндэсний хөрөнгөтнүүд, үндэсний үйлдвэрлэгчид, шилдэг технологичид бодлогоо уралдуулж хийж бүтээснээ бодитоор үзүүлж бахархдаг байсан.

 Гэтэл энэхүү Үндэсний хороог Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэлдээ авснаар ямар үр дүн гарсныг үггүйгээр харцгаая. Түүний тэнэг мэдэгдэл хүн амын, нялх хүүхдийн эрүүл мэнд амь настай холбоотойгоороо “Ам.долларын ханш 1000 төгрөг болно” гэсэн Д.Эрдэнэбатын мэдэгдэлтэй зүйрлэхийн аргагүй хорлонтой байв. Н.Алтанхуягийг энэ гэмт үйлдлийнх нь төлөө шүүхэд өгөх ч багадна. Тэрбээр наанадаж намынхаа нэр хүндийг унагаж “Цэвэр агаар” санг гэр бүлийн сан болгох шахсан. Цаанадаж амлалтдаа хүрдэггүй, төсвийн хөрөнгө, өндөр хүүтэй зээлийг үрэн таран хийсэн бодит жишээ болов.

 Хамгийн ичгүүртэй нь тэр хэдэн тэрбум төгрөгийг Ерөнхийлөгчийн санаачилга, зорилгоос булааж хувьдаа ашигласан, төрийн зөрүүтэй бодлогын гайхамшигтай жишээг үзүүлж утаатай тэмцэж буй хүнтэй нүүрс тарааж тэмцдэг тэнэг гэдгээ харуулан Монгол хүний амь нас, эрүүл мэндээр тоглосон юм. Ийм Ерөнхий сайд асаныг яаж шүүх ёстой юм бол?





Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.